Ж.БАЯРСАЙХАН: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧЭЭР 29 ДЭХ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

2020-03-30 25

Эх-хүүхдийн эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж яваа, эгэл мөртөө энгүй их үйлстэй эрхэм хүнийг сайтынхаа хойморт урилаа.

Энэ хүн бол тулгар эхийг амаржуулж, Монгол улсынхаа шинэ иргэнийг өлгийдөн авах буянт үйлсэд 29 жилийн амьдралаа зориулж яваа Монгол улсын Тэргүүлэх зэргийн эмч, Зөвлөх эмч,  Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн Зөвлөх эмч Ж.Баярсайхан юм.

Ж.Баярсайхан эмч алтан заадсаа салган үрээ төрүүлэхээр өвдсөн эхтэй сэтгэлээрээ адилхан өвдөж, зовсонтой нь ижил зовж, шинэ хүн эсэн мэнд мэндлэхэд хамт баярлаж,  10 мянга гаруй  хүүхдийг эх барьж авсан ХҮЙН ЭЭЖ, Сүүн мөртэй үйлстэн билээ. Түүнтэй уулзаж ажил мэргэжлийнх нь тухай хийгээд аж амьдралынх нь тухай хүүрнэлдлээ.

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН ЭМЧ, ЗӨВЛӨХ ЭМЧ,  ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЭТ-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КЛИНИКИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ Ж.БАЯРСАЙХАН

  • Сайн байна уу, Танд Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе?
  • Баярлалаа. Монгол улсынхаа өнцөг булан бүрт хүн ардын эрүүл энхийн манаанд өдөр шөнийг умартан зүтгэж байгаа нийт эмч нартаа, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн хамт олондоо Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөе.
  • Таны нутаг ус, аав ээжийн тань талаар яриагаа эхлэе?
  • Би 1966 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд Ж.Жоошийн ууган хүү болж төрсөн. Ээжийг маань Осоржамаа гэдэг.  Аав маань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн дарга, Хянан шалгах хорооны даргаар олон жил ажиллаж байсан. Ээж Цэцэрлэгийн тогоочоор бас олон жил ажилласан. Төгрөг сумандаа 8-р анги төгсөөд Арвайхээр суманд ирж 9, 10-р ангид суралцсан.
  • Эмчийн мэргэжлийг яагаад сонгох болов, ялангуяа эмэгтэйчүүдийн эмч мэргэжлийг…?
  • 9-р ангидаа Арвайхээр сумын 2-р сургуульд ирж суралцаж, шинэ найзуудтай болж, тэдэнтэйгээ нийлж хичээл давтдаг боллоо. Тэр үеэс л химийн хичээлийг илүү их сонирхох болсон. Мөн хими, физикийн багш нарын маань заах арга барил энэ хичээлүүдэд нэлээд мэдлэгтэй, сонирхолтой болгож өгсөн юм.  Тухайн үед нэг ширээнд суудаг байсан Цогоо найз маань ч нөлөөлсөн. Ингээд л химийн хичээлээр элсэлтийн шалгалтаа өгч, АУИС-д элсэн орсон доо.
  • Оюутан байх үеэ товч дурсвал…?
  • Оюутан болсон анхны жил эмнэлэгт үйлчлэгчээр ажиллуулдаг байлаа. Дараа нь Хавдар судлалын төв эмнэлэгт /ХӨСҮТ/ Туяа эмчилгээний тасгийн асрагчаар нэг жил ажиллаж шал угааж, тоос шороо арчиж явлаа. Эмч болох гэж ирсэн байдаг. Гэтэл асрагч, үйлчлэгч хийлгээд гэж тухайн үед бодогдож л байсан шүү. Гэхдээ эмнэлгийн ажил үйлчлэгч, асрагч байсан ч хариуцлага маш өндөр гэдгийг, мөн хүнийг хүндлэх, хүнтэй харилцах, өвчтөнийхөө зовиур шаналгааг мэдрэх эхний алхамуудыг сурч авсан даа. Сайн эмч болгохын тулд эхнээс нь эмнэлгийн бүх үйл ажиллагаанд дасгаж байсан юм билээ.
  • Эмэгтэйчүүдийн эмчээр хичнээн жил ажиллаж байна вэ?
  • АУИС-ийг 1991 онд төгсөж ирсэн. Тухайн үед ЭМГ-аас шинэ төгсөж ирсэн оюутнуудыг хуваарилдаг байсан юм. ЭМГ-ын даргын өрөөний үүдэнд хуваариа хүлээгээд зогсож байсан чинь манай багш /Г.Баярсайхан/ “Би чамайг тасагтаа авнаа” гэж хэлээд л даргын өрөө рүү яваад орчихлоо. Тэр үеэс л би БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн ажлыг эхэлсэн дээ. Түүнээс хойш 29 жил тасралтгүй ажиллаж байна.
  • Багшийнхаа тухай дурсаж ярьвал…?
  • 10 жилийн сурагч, оюутан байх үеүдэд хичээл зааж, зөвлөж тусалж байсан олон сайхан багш нар миний амьдралд бий. Тэр дундаас өнөөдөр Г.Баярсайхан багшийгаа илүү дурсаж яримаар санагдаж байна. Миний багш БОЭТ-ийн Эмэгтэйчүүдийн эмч Г.Баярсайхан гэж мундаг эмч байсан юм. Том Баярсайхан гэхээр Өвөрхангайнхан андахгүй ээ.  Намайг ажиллаж эхэлснээс хойш нутгийнхан маань багшийг “том” Баярсайхан, намайг “жижиг” Баярсайхан гэж ялгаж дууддаг болсон. Миний багш намайг анх их сургуулиа төгсөөд ирэхэд дэргэдээ авч, ажил, амьдралын алтан зам руу хөтөлж оруулсан хүн дээ. Өнөөдөр миний өдий зэрэгтэй яваад багшийн минь үлгэр дуурайлал, сургааль, зааж сургасан бүхний ач гавьяа ихээ. Багштайгаа хамт олон удаа хүнд хагалгааны ард гарч, эх үр хоёрын амийг эсэн мэнд аварч байсан даа. Тэр бүхэнд надад зааж зөвлөж, ялангуяа үйлчлүүлэгтэйгээ яаж харилцах, хүнтэй хүнлэг харьцахыг их сургадаг байсан. Мөн эмчийн цаг наргүй ажлын зэрэгцээ ар гэрээ яаж авч явахыг хүртэл надад зөвлөдөг байсан.  Ийм сайхан эмчийн удирдлага, сургаалийг дагаж, хийж байсан ариун сайхан үйлсийг нь үргэлжлүүлж яваадаа баярладаг даа.
  • 29 жилийн хугацаанд хичнээн хүүхэд эх барьж аваад байна вэ?
  • 3 мянга гаруй ээжид мэс засал хийж, 8 мянга орчим хүүхэд эх барьж, 10 гаруй мянган хүүхэд эх барьж авсан байна.  Хамгийн анх эх барьсан хүүхэд маань одоо 30 нас хүрч байгаа юм байна шүү дээ.
  • Таны ажлын онцлог нь юу вэ?
  • Үзүүлэх гээд, төрөх гээд орж ирж байгаа ээжийг ар гэрийнхэн нь эв эрүүл гэж ойлгодог. Гаднаас нь харахад эрүүл юм шиг харагдаж байвч үзлэг, оношилгоо хийхэд тодорхой хэмжээний эмгэг өөрчлөлттэй  байдаг. Тийм учраас гэнэт эхийн бие муудах эрсдэлтэй тулгарах нь их тохиолддог. Эмэгтэйчүүдийн эмчийн ажил гэдэг хоёрын хоёр хүний амь настай холбоотой маш их онцлогтой ажил шүү дээ.
  • Битүүний шөнө хөдөөний айлд жирэмсэн ээжид мэс засал хийсэн багийг та удирдаж явсан гэсэн. Энэ талаар тодруулж ярьвал…?
  • Битүүний шөнө буюу 02-р сарын 23-ны шөнийн 23 цагийн үед яаралтай дуудлага Уянга сумаас ирсэн. Дуудлагын дагуу манай эмч нарын баг Уянга сумын Бөөрөлжүүтэд нутагладаг хөдөөний айлд очиж, гэрийн нөхцөлд кесаров хагалгаа хийж, эх үр хоёрын амийг аварсан. Жилд хоёроос гурван удаа ийм тохиолдол гардаг. Гэрийн нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөд мэс засал хийнэ гэдэг нь эмнэлгийн стандартад нийцэхгүй л дээ. Гэвч хоёрын хоёр хүний амийг аврахын тулд эмнэлгийн тусламж үзүүлэхээс өөр аргаггүй үе тулгардаг л даа.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, эмч, ажилтаны хүрэлцээ хангамж дутагдах үе гардаг уу?
  • Гаралгүй яахав. Манайх чинь БОЭТ гэсэн нэртэй боловч иргэдэд үйлчилж байгаа эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлын хувьд нэгдсэн эмнэлгийн түвшинд л үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний дутмагаас болж эрсдэл үүсдэг тал бий. Тэр хэрээр бидэнд л өндөр хариуцлага ирдэг, бид ч энэ хариуцлагыг үүрэхээс өөр арга байхгүй. Гэвч биднээс шалтгаалахгүй, багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрэхгүй байх, эм тарианы дутагдал гарах, эмч нар бидэнд ч хүч чадал мөхөсдөх үе тулгардаг.
  • Тийм хүнд үед эмч хүнд юу бодогддог вэ, шантардаг уу?
  • Иргэдийн эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч хүн  шантрах эрхгүй шүү дээ. Эмч хүн чинь хүн л юм хойно хүчин мөхөсдөх үе ирнэ. Эмчилж, хянаж байсан хүнээ алдах л хамгийн хэцүү байдаг даа. Яагаад ингэв, бид юун дээр, хаана алдчихав гээд л шаналж зовно. Цаашдаа ахиад алдаа гаргахгүйн төлөө багш нараасаа асууна, зөвлөнө, бусдаас суралцаж, бусдыгаа сурч мэдүүлэхийн төлөө ямагт хичээж ажилладаг. Сүүлийн үед төрөхийн хүндрэл маш их гарч байгаа. Бидний оношилж чадахгүй суурь өвчтэй, давхар өөр хүнд өвчтэй ээжүүд жирэмсэлж байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм.

 

  • Эмч нар өөрсдийн эрхийн төлөө хэр дуугардаг, тэмцдэг вэ?
  • Улсын хэмжээнд тангараг өргөдөг цөөхөн мэргэжлийн нэг бол эмч. Эх орон, ард түмэндээ өргөсөн тангаргаа цэрэг хүн яаж биелүүлдэг билээ түүнтэй ижлээр эмч хүн яг л ижил биелүүлэх ёстой, үүрэгтэй. Эмч хүн ард иргэдийн эрүүл мэндийн мөнхийн манаач, цэрэг юм шүү дээ. Тийм учраас бидний цалин хангамж муу байна, энээ тэрээ гэж жагсаал цуглаан хийх эрх бидэнд байхгүй. Цалин мөнгөө нэмэгдүүлэх, ямар нэг байдлаар эмч нарын эрх ашигтай холбоотой асуудлыг албан бичгээр дээд шатны байгууллагадаа явуулна уу гэхээс бусад мэргэжлийнхэн шиг гудамжинд жагсаал хийгээд зогсчихвол ард түмний минь амь нас, эрүүл мэнд яах билээ.
  • Эрүүл мэндийн цэрэг гэснээс та Эрүүл мэндийн салбартаа ямар цолтой цэрэг вэ?
  • Ямар ч гэсэн тодорхой хэмжээнд тушаал дэвшсэн цэрэг гэж бодож байна. Энэ салбарынхаа анхан шатнаас эхлээд тасгийн эрхлэгч, Зөвлөх эмч хүртэл ажил хөдөлмөрөө зориулж яваа болохоор армиар бол дэслэгчийн зиндаанд хүрсэн байхаа.
  • Ярилцсанд баярлалаа танд. Эмэгтэйчүүд, ээжүүддээ зөвлөгөө өгөхгүй юу?
  • Бидний баримталж байгаа зарчим бол эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлэх. Эмэгтэйчүүд маань нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгтэй байж, хэт эрт биш, хэт орой биш, хэт ойрхон биш төрөх л чухал. Үүнийг л бүх ээжүүддээ ойлгуулахыг хүсдэг. 1990-ээд оны үед бол 17-оос доош, 36-аас дээш насанд хүүхэд төрүүлэхийг хориглож, жирэмснээс хамгаалах хэрэгслээр хангаж, аль болох төрүүлэхгүй байх арга хэмжээ авдаг байсан. Одоо бол цаг үеэ дагаад төрөлтийн насыг хязгаарлах нь харьцангуй багассан. Эмэгтэйчүүд, эрчүүд ч ялгаагүй эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эх эцэг хоёр хоёулаа бэлдэх ёстой. Тэгж байж хүүхдээ эрүүл, аюулгүй тээх, эрүүл хүүхэд төрүүлэх боломж бүрдэх юм  шүү гэж захья.
  • Ярилцсан: Б.Мөнгөнцэцэг

Холбоотой мэдээ

АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

  /"Соёмбо"-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/ Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт а

2020-10-10

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ НЭРСИЙГ ӨГӨӨД БАЙНА

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох намууд аймгийн Сонгуулийн хороонд

2020-09-16

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14