ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРГИЙН ДОХИУР ХАР ЦЭЭЖИТ ХОНЬ УУ, БОЛЧИМГҮЙ ЗҮЙЛ ПОСТОЛСОН ЗАЛУУ ЮУ???

2020-04-10 0

“Өвөрхангай аймагт хонинууд ишиг барьж иджээ” хэмээн болчимгүй нэгний постолсон пост сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр салхи шиг шуурав.

Буянт малынхаа ашиг шим, малчин хүний нөр их хөдөлмөрийн үр шимээр хоолоо залгуулдаг, мах иддэг Монгол хүн бүрийн сэтгэлд багтамгүй, итгэл төрөмгүй мэдээлэл байв.

Хэрэг явдал юунаас эхлэв…?

Сант сумын Царги багийн малчин Н.Лхагвасүрэнгийн хотонд доорх үйл явдал өрнөжээ.
Н.Лхагвасүрэн гуай 74 настай, насаараа мал малласан, нутаг усандаа нэр хүндтэй, хашир туршлагатай малчин хүн. Тэдний хотонд байх хар цээжтэй эм хонь энэ жилээс малын хаг буюу ихэс идчих гээд болохгүй байсан гэнэ. 4 дэх жилээ хургалсан уг хонь хургандаа хайртай /амраг/ гэж жигтэйхэн. Хаг идэж, амтыг нь авсан хонь дөнгөж гарсан, салиатай нялх ишигний салиаг нь долоож байхдаа турууг нь мэрж хэрэг тарьжээ. Хотод байдаг хүү рүүгээ өдөр тутмынхаа сонин хачинг ёс юм шиг утсаар тайлагнадаг Лхагвасүрэн гуайн эхнэр Д.Амарсайхан уг явдлыг хүүдээ сонин болгож ярьсан байна.
Ээжийнхээ яриаг сонссон хүү нь “Талын мэдээг тавин хоромд” нэртэй пэйсбүүктээ “Өвөрхангайд хонинууд ишиг барьж иджээ” гээд постолчихож. Цахим ертөнцөд салхи дэгдээсэн асуудал ердөө л ийм байж.

Монгол улсын, тэр дундаа Өвөрхангай аймгийн эдийн засгийг өдий хүртэл нуруундаа үүрч яваа мал малчин хоёрынхоо үнэ цэнийг хотны захаас холдож, хот бараадсан залуу ойлгоогүй явж.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр Өвөрхангайн малчин түмний нэр хүндтэй холбоотой асуудал гэдгийг ч санасангүй.

Насаараа мал малласан, Монгол улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулж яваа хашир, туршлагатай малчин аавынхаа нэр хүндийг унагаж байгаагаа ч ухаараагүй байж.

Харин малчин өвгөн хүүгээ “хашир суудаггүй муу золигийг нэг буулгаж авъяаа” гээд аавын зангаргаар зэмлэн хэлж байна лээ.

“Хур бороо муу байсан нь үнэн. Гэхдээ баян хангай барагддаггүй юм. Манай хонинууд ишиг барьж идэх дээрээ тулаагүй байна. Энэ жил 500 боодол өвс, 80 шуудай хивэг авсанаа дуусаагүй байгаа” гэлээ.

Учир явдал ердөө л ийм байж. Өвөрхангай аймагт хонь ишиг барьж идээгүй байх нь. Ээжийнхээ ярьсан яриан дээр давс хужир нэмээд л таамгаараа бичсэн ганц постноос болж аймгийн ХХААГ, МЭГ хүртэл хөөрхөн бужигнаад авлаа.

Хашир малчин харин хар цээжит хониндоо тарга тэвээрэг нь гүйцэхээр “алж идэх” хариуцлага ногдуулна, худал мэдээлэл тараасан хүүдээ алганы амт үзүүлж “буулгаж авах” хариуцлага оногдуулна гэдгээ албаны хүмүүст хэлээд авна лээ.

Аавынхаа хотонд болсон жижигхээн үйл явдлыг аймгийн хэмжээний болгож дэвэргэсэн иргэндээ ямар хариуцлага ногдуулахыг хууль дүрэм шийдэх байхаа?

Холбоотой мэдээ

НЭР ЦЭВЭР ТҮҮНД ХИЙЖ БҮТЭЭХИЙН ОРГИЛУУН ХҮСЭЛ БИЙ

Өнөөдөр нэг удаа үлгэр зохиож ярьчихаад маргааш нь дахин нэг худал зүйл санаанаасаа зохиох чадвартай

2020-06-03

МАН-ААС УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД БУЮУ У.ХҮРЭЛСҮХИЙН БАГИЙНХАН

  Архангай: 1. Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ 2. Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/ 3. Ё.Баатарбилэг /

2020-05-17

ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРГИЙН ДОХИУР ХАР ЦЭЭЖИТ ХОНЬ УУ, БОЛЧИМГҮЙ ЗҮЙЛ ПОСТОЛСОН ЗАЛУУ ЮУ???

"Өвөрхангай аймагт хонинууд ишиг барьж иджээ" хэмээн болчимгүй нэгний постолсон пост сүүлийн хэд хон

2020-04-10