1 КИЛОГРАММ НООЛУУРЫГ 85 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ДООШГҮЙ АВАХ ЖИШИГ ҮНЭ ИРҮҮЛСЭН

2020-04-23 2

Өвөрхангай аймгийн хэмжээнд мал хаваржилтын нөхцөл байдал ямар байгаа, мөн ноолуурын үнэ ханш цаашид ямар байх талаар аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжираас тодрууллаа.

  • Өвөрхангай аймгийн мал хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ?
  • Аймгийн хэмжээнд мал хаваржилтын байдал тийм ч таатай бус байна. Нийт нутгаар шороон шуургатай, хур тунадас ороогүй, ногоо гараагүй байгаа учраас мал их муудаж байна. Мал тэжээлээс гараагүй, малчдад өвс тэжээл хэрэгтэй хэвээр байна.
  • Мал төллөлт хэдэн хувьтай байна вэ?
  • Энэ онд 2,2 сая хээлтэгч мал тоологдсон. Үүнээс 1,8 сая мал хээлтүүлгэд орсноос өнөөдрийн байдлаар төллөлт 45 хувьтай байна.
  • Төл, малын хорогдол хэр байна вэ?
  • Энэ онд манай аймаг нийт 5,4 сая толгой мал тоолуулсан. Нийт малын 0,7 хувь буюу 40 гаруй мянган толгой мал хорогдоод байна. Мал хээл хаяж байна, төл хорогдол ч их байна.
  • Оготно, мэрэгч устгах ажил ямар шатандаа байна вэ?
  • Оготно, мэрэгчдийн тархалтын судалгааг Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтарч хийсэн. Аймгийн хэмжээний 5,6 сая га талбай бэлчээрийн 40 орчим хувьд буюу 2 сая га талбайд оготно, мэрэгч тархсан гэсэн судалгаа гарсан. Үүнийг үндэслээд аймгийн 2020 оны төсөвт 100 сая төгрөг, 15 сум нийлээд 100 сая төгрөг, ХХААХҮЯ-аас 400 орчим сая төгрөг төсөвлөж, бактержуулсан будаагаар оготно устгах ажлыг зохион байгуулсан. 15 сумын 80 мянган га бэлчээрийн талбайд 130 гаруй мянган тонн бактержуулсан будаа цацаж, нийтийг хамарсан ажлаар хүн хүчийг зохион байгуулж ажилласан. Баруунбаян-Улаан, Богд, Бат-Өлзий, Арвайхээрээс бусад бүх сумдад энэ ажил хийгдээд явж байгаа. ХХААХҮЯ, аймгийн МХГ-тай хамтарч үр дүнг шалгаад оготно устгалын ажлыг нэлээд үр дүнтэй болсон гэж дүгнэсэн. Малчид, иргэд ч өндрөөр үнэлж байгаа. Мөн тархалт ихтэй 7 сумын 70 мянган га бэлчээрийн талбайд энгийн механик аргаар оготно, мэрэгч устгах ажил хийгдэхээр гэрээ байгуулан ажлаа эхлээд байна. Засгийн газрын тогтоолоор 5 дугаар сарын эхний өдрүүдийг улсын хэмжээнд “Бэлчээр хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд бэлчээр хамгаалахтай холбоотой сургалт, сурталчилгаа зохион байгуулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх, сумдын нийт иргэдийг хамруулах ажлууд зохион байгуулагдана.
  • Отроор бусад аймгийн нутагт өвөлжиж, хаваржсан малчид нүүж ирж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгвөл…?
  • Төв аймаг, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн чиглэл рүү олон мал өвөлжиж хаваржсан. Тухайн оторлож байгаа нутагт хаваржилтын нөхцөл байдал сайнгүй, хурайшилттай, ногоо гарахгүй байгаа учраас “малчдаа татан ав” гэсэн шаардлагыг бидэнд тавьж байгаа. Хужирт, Хархорин, Өлзийт сумдын нутагт бага хэмжээний цас орсон учраас чийгтэй, ногоо ургах өнгөтэй байна. Энэ сумдууд руугаа отрын малчдаа татан авах ажлыг төлөвлөж байна.
  • Малчид ямаагаа самнаж эхэлж байна шүү дээ. Энэ онд ноолуураас хичнээн төгрөгийн орлого малчдад орох вэ?
  • Энэ жил аймгийн хэмжээнд 2 сая 300 мянга гаруй ямаа тоолуулсан. 800 тонн ноолуураас 70-аад тэрбум төгрөгийн орлого малчдад орох боломжтой гэж үзэж байгаа.
  • Ноолуурын үнэ ханшийн хувьд ямар зохицуулалт хийгдэж байгаа вэ?
  • Ямаа самнах ажил дөнгөж эхэлж байна. Одоогийн байдлаар манай аймагт ноолуур 45 мянган төгрөгийн ханштай байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсантай холбогдуулаад ХХААХҮЯ-наас малчдын орлогыг хамгаалах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна. Аймагт үйл ажиллагаа явуулдаг ноолуур худалдан борлуулдаг аж ахуй нэгжүүдэд Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний хүү багатай зээл олгоод, зээл авсан аж ахуй нэгжүүд сумдад өөрийн төлөөлөгчөө ажиллуулах юм. Тухайн төлөөлж буй хүн нь сумын ХАА-н тасгаас ноосны урамшуулал олгодог зарчмаар малчдын тоолуулсан ямааны тоо толгойг, нооллуурын гарцтай нь баталгаажуулаад аж ахуй нэгжүүдэд өгнө. Уг бичиг баримтыг үндэслээд Хөгжлийн банкнаас малчдын дансанд мөнгө нь шууд орохоор удирдамж чиглэл гараад сумдууддаа мэдээлээд ажиллаж байна.
  • Зарим аймгуудад ноолуурын мөнгө малчдын данс руу орж эхэлсэн байна. Манай аймгийн хувьд яг хэзээнээс мөнгө нь орж эхлэх вэ?
  • Манай аймгийн хувьд аж ахуй нэгжүүдийг шалгаруулах, бодлогын гэрээ байгуулах шатандаа явж байна. Зүүн аймгуудад энэ ажил албан ёсоор эхэлсэн байгаа. Манай аймагт ямааны ноолуурын чанар, гарцаас хамаараад 1 кг ноолуурыг 85 мянган төгрөгөөс доошгүй авна гэсэн жишиг үнэ ирүүлсэн байгаа. Аж ахуй нэгжүүд тодорхой болчихвол тухайн аж ахуй нэгжүүдтэй ХХААГ-аас хамтарч ажиллах зохион байгуулалтуудыг хийж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалаад малчид энэ жил оройтож ямаагаа самнаж байна. Мөн цар тахал гарсантай холбоотойгоор малчдын банкны зээлийг хойшлуулах саналыг ХХААХҮЯ-наас арилжааны банкуудад хүргүүлсэн байгаа.
  • бэлчээрийн хомсдолд орж байгаа энэ үед зөвхөн салбар болон улсын хэмжээнд ярихаас гадна малчидын оролцоо маш чухал байхаа. бэлчээрийн сэлгэлт, хуваарилалтыг малчидтай хамтарч хийх нь үр дүнгээ өгөх шийдэл байж магад.

Холбоотой мэдээ

АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

  /"Соёмбо"-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/ Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт а

2020-10-10

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ НЭРСИЙГ ӨГӨӨД БАЙНА

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох намууд аймгийн Сонгуулийн хороонд

2020-09-16

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14