ДЭЭД ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫНХАА ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫГ ОРОН НУТАГТАА ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2020-04-23 0

Цагдаагийн ерөнхий газраас “Торгууль төлүүлэх аян”-ыг зарлан улс орон даяар хэрэгжүүлж байгаа. Өвөрхангай аймагт энэхүү аяны хэрэгжилт ямар байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Б.Бүрэнтөгсөөс тодрууллаа.

  • Улс орон даяар хэрэгжиж байгаа “Торгууль төлүүлэх аян”-ны талаар мэдээлэл өгөхгүй юу?
  • Нийт Өвөрхангайчуудынхаа энэ өдрийн амгаланг айлтгая. Цагдаагийн ерөнхий газраас энэхүү аяныг зарлаж, орон даяар хэрэгжүүлж эхлээд байна. Цагдаагийн байгууллага нь цагдаагийн албаны тухай хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэдэг, дээд шатны байгууллагынхаа удирдах албан тушаалтны өгсөн үүргийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй төрийн тусгай алба шүү дээ. Энэ хүрээнд бидэнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус аяныг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, иргэд орлогоггүй байгаа энэ үед торгууль төлүүлж байна гэсэн шүүмжлэл нэлээд гарч байгаа. Энэ тал дээр тайлбар өгвөл…?
  • Бид хуулинд заагдсан эрх, үүргийнхээ дагуу энэ ажлыг зохион байгуулж байгаа. Аймгийн иргэдээс маань Өвөрхангай аймгийн цагдаа нар л зөвхөн торгууль төлүүлж байна гэсэн сөрөг хандлага гарч байгаа нь үнэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7-ийн 5-д зааснаар зөрчил үйлдсэн этгээд торгуулиад, торгуулийнхаа мөнгийг 15 хоногийн дотор сайн дураараа төлөх хуультай. Төлөөгүй тохиолдолд дараагийн шатны байгууллага буюу Шүүхийн шатанд шилжүүлж төлүүлдэг.  Шүүхэд шилжүүлж байснаас дахин зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийнх нь бичиг баримтыг хурааж аваад “энэ удаагийн зөрчил дээр чинь торгуулийн арга хэмжээ оногдуулахгүй, харин та өмнө нь арга хэмжээ авагдсан торгуулиа төлөөд бичиг баримтаа ав” гэсэн шаардлагыг л бид тавьж байгаа. Үүнийг л иргэд маань эсэргүүцэж бухимдаад байгаа юм.
  • Цагдаагийн алба хаагчдад торгууль биелүүлэх норм, төлөвлөгөө өгдөг үү?
  • Цагдаагийн алба хаагчид сард, улиралд, жилд тэдэн төгрөгийн торгуулийн орлого оруулна гэсэн төлөвлөгөө байхгүй. Олон хүн торгосноор цалин мөнгөний урамшуулал авах зэрэг асуудал байдаггүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх аа.
  • Торгуулийн мөнгө хаана орж, яаж зарцуулагддаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
  • Торгуулийн мөнгө нь аймаг, орон нутгийн төрийн сангийн данс руу ордог. Хааш нь яаж зарцуулагдах нь тухайн орон нутгийн ИТХ-ын эрх хэмжээний асуудал байдаг.
  • Он гарсаар хичнээн хүнд, хэдэн төгрөгийн торгууль оногдуулаад байна вэ?
  • Өвөрхангай аймгийн хэмжээнд 2020 он гарсаар эхний 4 сарын байдлаар 13 мянга 413 хүнд 375 сая 725 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан байна. Торгууль оногдуулсан ч гэсэн бэлэн бусаар торгож байгаа учраас хичнээн хүн торгуулиа төлсөн, дансанд хэдэн төгрөг орсон дүнг аймгийн төрийн сан дээрээс харж болно. Улсын хэмжээнд 2019 онд давхардсан тоогоор 1 сая 900 мянга орчим хүнд торгууль оногдуулснаас торгууль төлөлт 60 орчим хувьтай байсан. Үүнээс шалтгаалаад торгууль нөхөн төлүүлэх ажил улс орон даяар хийгдэж байгаа юм.
  • Эхний удаа анхааруулж, сануулж болдоггүй юмуу гэсэн хандлага иргэдийн дунд нэлээд байдаг. Энэ тал дээр хариулт өгөхгүй юу?
  • Хуулиндаа “сануулна, анхааруулна” гэсэн заалт байдаггүй. Бид хууль хэрэгжүүлэгч байгууллага учраас хуулийн дагуу л ажилладаг. Хамгаалах бүс зүүх, хамгаалах малгайгаа өмсөх, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах нь жолооч нарын маань үүрэг шүү дээ. Торгуулийн арга хэмжээ гэдэг нь ахин ийм зөрчил бүү гаргаасай, гэнэтийн осол аваар бүү гаргаасай гэсэн нөлөөллийн арга хэмжээ юм гэдгийг иргэд маань ойлгоосой гэж хүсэж байна.
  • Сдортын ордоны зүүн талын гарцыг хаасан асуудлаар ТҮНТ-д иргэн хандсан байсан. Уг гарцыг хаасан шалтгааныг тайлбарлахгүй юу?
  • “Богд зочид буудлын баруун тал, Спортын ордоны зүүн талын хэсэгт зам тээврийн осол их гарч байна, арга хэмжээ авч өгөөч” гэсэн санал иргэдээс болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтануудаас ирсэн. 2017-2019 оны тоон мэдээллүүдийг судалж үзэхэд замын хальтиргаа гулгаа үүссэн үед тухайн гарцан дээр нэлээд хэдэн осол аваар гарсан байсан.  Тийм учраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах нь зүйтэй юм байна гэж үзээд Арвайхээр сумын ЗДТГ-т мэдэгдэл хүргүүлж тус гарцыг түр хаалгасан байгаа. Тухайн хэсгийн зам  анх ашиглалтад ороход хөдөлгөөний ачаалал харьцангуй бага байсан байх л даа. Түүнээс хойш Богд зочид буудал зэрэг үйлчилгээний газрууд баригдсанаар гарах, орох хөдөлгөөн нэмэгдэж хөдөлгөөний ачаалал тэнд төвлөрсөн учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байна гэж үзээд түр хаасан байгаа.
  • Ярилцсан: Б.Мөнгөнцэцэг

Холбоотой мэдээ

АЛТАН СОЁМБО ШИГЭЭ ГЯЛАЛЗААРАЙ АМЖИЛТ ЯЛАЛТЫГ ЕРӨӨЕ АНД ЧАМДАА

  /"Соёмбо"-Ууганаадаа зориулсан сэтгэлийн үг/ Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн үед хамт а

2020-10-10

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ НЭРСИЙГ ӨГӨӨД БАЙНА

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох намууд аймгийн Сонгуулийн хороонд

2020-09-16

ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСАНГИЙН ХҮҮ О.ЗУЛСАРЫН ХОНГОР ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ

  Ардын хувьсгалын 99 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам өргөн д

2020-07-14